Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нээгдлээ. Берлин хотын Музейн арал дахь Жеймс Симоны галерейд болсон уг ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нар оролцов.
Тус үзэсгэлэнг ХБНГУ-ын Пруссын соёлын өвийн сангийн харьяа Берлиний улсын музейн Өвөг ба эртний түүхийн музей, Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн болон Хархорин музейн сан хөмрөгөөс нийт 271 дэсийн 510 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэжээ.
Энэхүү арга хэмжээ нь нүүдэлчдийн иргэншил, Монголын эзэнт гүрний түүх, өвийг Европ тивд сурталчлан таниулах төдийгүй хоёр орны соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ач холбогдолтой юм. Үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл олон нийтэд нээлттэй байна.