Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллалаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Э.Энхбат болон эрчим хүч, дулаан хангамжийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцсон байна. Аймгийн хэмжээнд 28 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг эх үүсвэрүүдийн засвар үргэлжилж байгаа бөгөөд хоёр сумын дэд станцын өргөтгөл, их засварын ажлыг хугацаанд нь дуусгахаар төлөвлөжээ.
Сургууль, цэцэрлэгийн халаалтыг есдүгээр сарын 15-наас, аймгийн төвийн халаалтыг аравдугаар сарын 1-нээс өгөхөөр бэлтгэл хангаж байна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр 12 МВт-ын нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төслийн сонгон шалгаруулалт үргэлжилж байгааг мэргэжилтнүүд дурдав. Харин Баянтээгийн уурхайн нүүрсний үнийн өсөлт, тээврийн зардал нэмэгдсэн нь дулаан үйлдвэрлэгч байгууллагуудад санхүүгийн хүндрэл учруулж буйг танилцуулсан байна. Түүнчлэн 18 хувийн гүйцэтгэлтэй байгаа “Дулааны II эх үүсвэр”-ийг 2027 онд ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтэд анхаарахаар боллоо.
Ажлын хэсгээс шугам сүлжээний засварыг чанартай дуусгах, түлшний нөөц бүрдүүлэх, зураг төсвийн магадлалыг шуурхай хийлгэх үүрэг өглөө. Тус ажлын хэсэг энэ сарын 7-16-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймагт ажиллаж байна.