Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд мод тарих намрын 9 дэх удаагийн нэгдсэн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ. Уг арга хэмжээнд Монголын хөрөнгийн биржийн хамт олон болон бусад байгууллагууд нэгдэж, тарьсан модондоо анхны цэнэг усалгаа хийв.
Энэ намар нийслэлийн хэмжээнд 13 байршилд 1.3 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн 2021 оноос хэрэгжиж эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 4.8 сая мод тарьжээ.
Өдгөө Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.9 ам метр байгаа бөгөөд үүнийг эхний ээлжид 10 ам метрт хүргэхээр зорьж байна. Энэ хүрээнд нийслэлийн 42 байршилд шинээр цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулахаар ажиллаж байна.