Нийслэлийн Бизнес, инновацын газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS) болон Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “COMEUP 2026 – Global Startup Festival” арга хэмжээнд Монгол Улсаас оролцох гарааны компаниудыг шалгаруулж байна. Эхний шатанд ирүүлсэн 26 төслөөс 14 нь хоёрдугаар шатанд шалгарч, 2026 оны аравдугаар сарын 26-ны өдөр инновацлаг шийдэл, бизнес загвараа танилцуулжээ.
Шүүгчид бизнес загвар, инновацлаг байдал, хэрэгжих боломж зэрэг шалгууруудаар үнэлгээ хийж, хамгийн өндөр оноо авсан зургаан төслийг дараагийн шатанд шалгаруулсан байна. Үүнд “Лингорс Эдтек” ХХК-ийн Lingors, “Хонмоно” ХХК-ийн Honmono AI, “Оюу интеллиженс” ХХК-ийн LookLuxe AI, “Хорека Юнион” ХХК-ийн HoReCaSoft, “Гарааны Хос Хас Технологи” ХХК-ийн IT & IoT & AI болон “Рүүкий Системс” ХХК-ийн Smart Shelf AI төслүүд багтжээ.
Шалгарсан төслүүдийг БНСУ-ын талын ажлын хэсэг 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны дотор эцэслэн үнэлж, шилдэг гурван гарааны компанийг тодруулна. Төгсгөлийн шатанд сонгогдсон компаниуд 2026 оны арванхоёрдугаар сарын 9–11-ний өдрүүдэд Сөүл хотын COEX төвд болох олон улсын арга хэмжээнд зардлаа бүрэн даалган оролцох эрх авах юм.