Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга суман дахь Олон сүмд археологийн малтлага судалгаа явууллаа. Судалгааг Монголын талаас доктор Л.Эрдэнэболд, академич С.Чулуун, Японы талаас профессор Такаши Мацүкава нар удирдаж, археологич Э.Уртнасангаар ахлуулсан баг ажиллажээ.
Судалгааны явцад монгол бичгээр бичсэн үйсэн номын 30 орчим хэсэг олдсон нь онцлох үр дүн болов. Чингис хаан Үндэсний музейн сэргээн засварлагчид урьдчилсан сэргээлт хийж уншихад шашны ном, зурхайгаас гадна Чингис хааны хөвгүүд, дүү нартаа сургасан билиг сургаалын хэсэг байжээ. Энэ нь «Лу.Алтан товч»-д тэмдэглэгдсэнтэй ижил байгааг судлаачид тогтоосон бөгөөд цаашид нарийвчлан судалж, он цагийг тогтоох ажлыг эхлүүлээд байна.
Малтлагаар төв танхим, таван бурхны суурь, горооны зам бүхий барилгаас бурхны хөрөг, уул, үүл, могой, ургамлын хээтэй ханын зургийн үлдэгдэл илэрсэн байна. Мөн шавар бурхны хэсгүүд, шаазан хундага, төмөр эдлэл, 21 ширхэг чулуун эрхи зэрэг олдворууд гарчээ. Нас тогтоох шинжилгээгээр тус сүм нь XVI зууны эцэс, XVII зууны эхэн үед хамаарч байгааг тогтоосон байна.