Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, удирдлага, менежментийн чадавхыг бэхжүүлэх зорилготой сургалт эхэллээ. БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын дэмжлэгтэйгээр тус улсын Цагаачлалын бодлогын судалгааны төвтэй хамтран зохион байгуулж буй уг сургалтад төв байгууллага, хилийн боомт болон орон нутаг дахь нэгжийн 40 албан хаагч хамрагдаж байна.
Энэхүү сургалт нь КОЙКА-ийн санхүүжилтээр 2023-2025 онд хэрэгжүүлсэн төслийн үр дүнг бататгах, хуримтлуулсан мэдлэг, ур чадварыг өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилготой ажлын үргэлжлэл юм. Нээлтийн үйл ажиллагаанд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх, БНСУ-ын Цагаачлалын бодлогын судалгааны төвийн дэд дарга И Ху Вон, КОЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга Со Хён Жэ тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Хоёр өдөр үргэлжлэх тус хөтөлбөрөөр оршин суух зөвшөөрөл олгох үйл ажиллагааны үе шат, холбогдох статистик үзүүлэлт, арга зүйн онолын мэдлэг олгохоос гадна нэгдсэн гарын авлага боловсруулах, сургагч багш бэлтгэх дадлага явагдана. Ингэснээр албан хаагчдын ажлын чанар сайжирч, гадаадын иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж дээшлэх ач холбогдолтой юм.