Гэр бүлийн хүчирхийлэлд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, асран хамгаалагч, гэр бүлийн бусад гишүүн болон дундаасаа хүүхэдтэй этгээд нь нөгөө хүнийхээ сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй хамаарна. Эдгээр халдлагын улмаас хохирсон хүнийг хохирогч гэж тодорхойлдог.
Хүчирхийлэлд өртсөн иргэн цагдаагийн байгууллага болон сум, хорооны хамтарсан багт хандаж аюулгүй байдлаа хамгаалуулах, өөрт хамааралтай шийдвэр гаргахад оролцох, хууль зүйн болон сэтгэл зүйн туслалцаа авах эрхтэй. Мөн төрийн байгууллага, албан тушаалтнаас аюулгүй байдлын хамгаалалт, эмнэлгийн болон нийгмийн халамжийн тусламж, хүүхэд хамгааллын үйлчилгээг үнэ төлбөргүй авна.
Цагдаагийн алба хаагч дуудлага мэдээллийн дагуу аюулын зэргийн үнэлгээ хийж, хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлан түр хамгаалах байр эсвэл эмнэлгийн байгууллагад хүргэх арга хэмжээ авдаг. Иргэд шаардлагатай үед цагдаагийн 102, түр хамгаалах байрны 107, хүүхдийн тусламжийн 108 дугаарт хандан тусламж авах боломжтой.