Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, Онц бөгөөд бүрэн эрхт элчин, Түүхийн ухааны доктор, дэслэгч генерал Базарын Цэдэн-Ишийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Хил хамгаалах байгууллагын "Алтан шонхор" төвд эхэллээ. Уг хуралд ОХУ, БНХАУ-ын Элчин сайдын яамны албаны төлөөлөгчид болон дотоодын цэрэг, хууль сахиулах байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, генералын гэр бүлийн төлөөлөл оролцож байна.
Хурлын үеэр дэслэгч генерал Б.Цэдэн-Ишийн түүхэн амьдрал, тусгаар тогтнол, улсын хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг бэхжүүлэхэд оруулсан гавьяаг залуу хойч үед сурталчлах зорилгоор түүний судалгааны бүтээл, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээр үзэсгэлэн гаргалаа.
Түүнчлэн эрдэмтэн судлаачид Б.Цэдэн-Ишийн улсын хил хамгаалалт, хилийн баталгаажилт, хил судлалын шинжлэх ухааны суурийг тавьсан замнал болон засан хүмүүжүүлэх салбарыг удирдсан түүх, архивын баримтад тулгуурласан олон талт сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.