Ерөнхий боловсролын сурагчдад зориулсан «Их нүүдэл» шатрын хөтөлбөрийн нээлтийн танилцуулга уулзалт Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн шатрын холбооноос Монгол Улсад 10 мянган иж бүрдэл шатар бэлэглэсэн бөгөөд ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг албан ёсоор оруулахаар шийдвэрлэсэн байна.
Шатар нь сурагчдад бусдыг ойлгох, үйлдэл хийхээсээ өмнө тунгаан бодох чадвар олгохоос гадна сэтгэлийн хөдлөлөө жолоодох (EQ), тэвчээр, хариуцлагатай байдлыг төлөвшүүлдэг ач холбогдолтой юм. Мөн хүүхэд тоглох явцдаа алдаандаа дүгнэлт хийж, өөрийгөө хөгжүүлэн засах чадварт суралцдаг нь төлөвшсөн иргэн бэлтгэхэд чухал нөлөөтэй гэж үзжээ.
Төрийн ордонд болсон уг танилцуулга уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл, шатрын сургалтад хамрагдсан багш нар болон эцэг эхийн төлөөллүүд оролцлоо.