Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хүний эрхийн боловсролыг ерөнхий боловсролын хөтөлбөрт тусгах зорилгоор ахлах ангийн сурагчдад зориулсан "Бидний эрх-Бидний амьдралд" гарын авлагыг боловсруулаад байна. Уг гарын авлагыг турших багш нарыг чадавхжуулах сургалтыг Хүний Эрхийн Үндэсний Комисс, Үндсэн Хуулийн Цэцийн судалгааны төв, НҮБ болон Монголын Эмнести Интернэшнл хамтран зохион байгуулав. Энэхүү сургалтад Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Хэнтий аймаг болон нийслэлийн нийт зургаан сургуулийн 30 багш хамрагдаж байгаа юм.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан туршигч багш нартай уулзахдаа Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөний суурь ойлголтыг ахлах ангиас нь эхлэн төлөвшүүлэх нь чухал гэдгийг онцоллоо. Түүнчлэн хүний эрхийн агуулгыг хуурай лекцээр бус, баримт, нотолгоонд суурилсан хэлэлцүүлэг өрнүүлэх арга замаар олгосноор хүүхдүүдийн эргэцүүлэн бодох болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвар хөгжинө гэдгийг тэмдэглэв.
Сургалтад хамрагдсан байгалийн болон нийгмийн ухаан, математик, хэл бичгийн багш нар хүний эрхийн ойлголтыг зөвхөн нийгмийн ухааны хичээлээр хязгаарлахгүйгээр бусад хичээлтэй уялдуулан заах арга зүйд суралцжээ. Тэд уг гарын авлагыг хоёрдугаар улиралд 10-11 дүгээр ангийн сургалтад хоёр сарын турш турших юм.