Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулсан “Хүрэлтогоот-2026” эрдэм шинжилгээний хурлын Биологи, хөдөө аж ахуйн салбар хуралдаанд Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид амжилттай оролцлоо. Тус хүрээлэнгийн Молекул генетикийн лабораторийн судлаачид удирдагч багш нарын хамт бэлтгэсэн бүтээлээрээ шалгарсан байна.
Тухайлбал, тус лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Давхарбаяр доктор, профессор Б.Баттөрийн удирдлага дор “Дорнод Монголд шинээр бүртгэсэн иксод хачгууд: эзэн амьтны хүрээ, улирлын идэвхжил, хачигт илэрсэн халдварын үүсгэгчид” илтгэлээр тусгай байр эзэлж, ШУА-ийн ерөнхийлөгчийн нэрэмжит таван сая төгрөгийн грант хүртэхээр болсон байна.
Мөн эрдэм шинжилгээний дэд ажилтан М.Золжаргал доктор, дэд профессор П.Мягмарсүрэнтэй хамтран “Монгол орны муур, нохойд Toxoplasma gondii-ийн халдварыг молекул биологийн аргаар илрүүлсэн дүн” илтгэлээрээ тусгай байр эзэлж, доктор Я.Гэрэлчулууны нэрэмжит 2.5 сая төгрөгийн грантын эзэн боллоо.