Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан, волейболын спортын мастер Нямаагийн Гэжээгийн нэрэмжит Ахмадын аймгийн аварга шалгаруулах волейболын нээлттэй тэмцээн Увс аймгийн Спортын ордонд эхэллээ. Тус тэмцээний нээлтэд аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Бадарч болон аймгийн Засаг дарга Э.Насанбат нар оролцож, тамирчдад амжилт хүсэв.
Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй тус тэмцээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсаас баг тамирчид ирж оролцож буйгаараа онцлогтой юм. Тэмцээн гурван өдрийн турш үргэлжилж, 30 багийн 250 гаруй ахмад тамирчин ур чадвараа сорин өрсөлдөнө.