“Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн үндсэн шийдэл, хөгжлийн чиглэл, хэрэгжилтийн зохицуулалт болон хууль, эрх зүйн орчны асуудлаар салбар дундын хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус арга хэмжээг тусгай бүсийн ажлын алба, Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК, Налайх хотын хөгжлийн корпораци болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулах юм.
Хэлэлцүүлгээр тусгай бүсийн хөгжлийн бодлого, газар ашиглалт, бүсчлэл, дэд бүтцийн төлөвлөлтийг нийслэл болон Налайх дүүрэгтэй уялдуулах асуудлыг хөндөнө. Түүнчлэн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, логистик, инновацын хөгжлийн боломж болон хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналуудыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ.