Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1479 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү ажил нь замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөх эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах зорилготой юм.
Аяны хугацаанд хүүхэд багачуудад шар дарцгийг ашиглан явган хүний гарцаар аюулгүй гарах зааварчилгааг хүргэж байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд ойр орчмынхоо явган хүний гарцан дээр шар дарцаг байрлуулахыг уриаллаа.
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч болон төрийн, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа чухал болохыг холбогдох албанаас сануулж, нийт жолооч, иргэдийг уг аянд идэвхтэй оролцохыг хүслээ.