Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас улсын хэмжээнд нийт 40 тэрбум төгрөгийн жижиг зээлийг жилийн 7 хувийн хүүтэйгээр ХААН болон Төрийн банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн. Сүхбаатар аймгийн хувьд иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 92 төслөөс сонгон шалгаруулах ажлын хэсэг 76-г нь дэмжиж, 16 төслийг буцаасан байна. Мөн зээл олгох банкуудтай хамтран 77 иргэнд төсөл боловсруулах аргачлал, шалгуурын талаар зөвлөгөө өгчээ.
Дэмжигдсэн төслүүдээс ХААН банкаар дамжуулан 32 иргэнд 968.7 сая төгрөг, Төрийн банкаар 19 иргэнд 438.9 сая төгрөг буюу нийт 51 иргэнд 1,407.6 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Үүний үр дүнд хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, бичил үйлдвэрлэл эрхлэгчид зээлд хамрагдаж, 66 шинэ ажлын байр бий болжээ.
Үндсэн санхүүжилтийн эх үүсвэр дууссан ч батлагдсан үлдсэн төслүүдийг санхүүжүүлэхээр зээлийн эргэн төлөлтөөс дахин олголт хийлгэхээр ажиллаж байна. Одоогоор ХААН банк эргэн төлөлтөөс 100 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлэж, хамрагдах иргэдийн жагсаалтыг хүлээн аваад байна.