Татварын ерөнхий газар нь ISO 9001:2015 стандартыг 2022 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлэн Q1512202219 тоот гэрчилгээ авснаас хойш уг стандартын тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэж иржээ. Тус байгууллага тасралтгүй сайжруулалтыг дөрвөн жилийн турш стандартын шаардлага хангасан түвшинд хэрэгжүүлж, энэ хугацаанд хоёр удаа магадлах аудитад хамрагдан гэрчилгээний хугацаагаа амжилттай сунгасан байна.
Энэхүү үйл явцтай холбогдуулан КЮ СЕРТФ ХХК-ийн захирал Л.Амарзаяа Татварын ерөнхий газарт 2026 оны "Чанараар манлайлагч байгууллага" буюу "QUALITY LEADER" батламжийг гардуулан өглөө.
Тус батламжийг хараат бус, хөндлөнгийн таван хүний бүрэлдэхүүнтэй Баталгаажуулалтын хороо шалгаруулдаг бөгөөд ISO 9001:2015 стандартын шаардлагыг бүрэн нэвтрүүлсэн байдал, удирдлагын манлайлал, ажилтнуудын оролцоо зэрэг нийт 10 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж олгожээ.