Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах хүсэлтэй төрийн жинхэнэ албан хаагчдыг сонгон шалгаруулах зарыг байгууллагууд нийтэлж байна. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Ховд аймгийн Боловсролын газар зэрэг байгууллага материал хүлээн авч байна.
Эдгээр ажлын байранд өрсөлдөх иргэд нь төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх, зарлагдсан албан тушаалтай адил төрөл, ангилалд ажилладаг байх шаардлагыг хангасан байх ёстой юм. Мөн тухайн албан тушаалын тодорхойлолтод тусгасан тусгай шаардлагад нийцсэн байх шалгуур тавигдаж байна.
Нэр дэвшигчид өргөдөл, төрийн албан хаагчийн анкет, боловсрол, мэргэшлийн баримт бичиг, сүүлийн гурван жилийн ажлын үр дүнгийн үнэлгээ, лавлагаа зэргийг бүрдүүлэн холбогдох байгууллагуудын цахим шуудангаар хугацаандаа ирүүлэхээр зохицуулжээ.