Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах, цахим болон бодит орчинд аливаа эрсдэл, хүчирхийллээс сэргийлэх нь төр, гэр бүл, иргэн бүрийн хамтын хариуцлага гэдгийг төрийн байгууллагуудаас сануулж байна. “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн нь хүүхэд хамгааллын ажлыг зөвхөн төрийн байгууллагын үүрэг болголгүй, иргэдийн хамтын үйлдлээр бодит үр дүнд хүргэх зорилготой юм.
Энэ хүрээнд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийнхээ цахим хэрэглээнд анхаарал тавьж, хувийн мэдээлэл, зураг, нууц үгээ хамгаалахыг зааж сургахыг зөвлөж байна. Мөн цахим дээрэлхэлт, залилан, хортой контентоос сэрэмжлүүлэхийн зэрэгцээ хүүхэдтэйгээ итгэлтэй харилцаа тогтоож, ойлгож сонсох нь чухал болохыг онцоллоо.
Түүнчлэн үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд хүүхэд хамгааллын ажлын хэсгүүд хуралдаж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.