"Хүүхдэд ээлтэй явган хүний гарц" төслийн нээлтийн үйл ажиллагаа Дотоод хэргийн их сургуулийн урд талын гарц, МИУ сургуулийн орчин болон Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн ойролцоох гарц гэсэн гурван байршилд зохион байгуулагдлаа. Нээлтийн үеэр өсвөрийн цагдаагийн сайн дурын ажилтнууд үе тэнгийнхэндээ анхааруулах тугийг хэрхэн зөв ашиглаж, гарцаар аюулгүй гарахыг үзүүлж таниулсан байна.
Энэхүү төслийн хүрээнд хүүхдүүд гарцаар гарахдаа жолооч нарт тод харагдах тусгай шар өнгийн тугийг ашиглах юм. Гарцын нэг талд байрлах сууринаас тугийг авч, жолоочид харагдахуйц байдлаар барин зам хөндлөн гарч, нөгөө талын сууринд буцаан хийх зарчмаар ашиглана. Энэ нь хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулахаас гадна нийтийн эд хөрөнгөд хариуцлагатай хандах соёлд сургах ач холбогдолтой юм.
Тус төсөл нь зөвхөн туг байршуулаад зогсохгүй хүүхэд, эцэг эх, багш, жолооч, цагдаагийн байгууллага болон иргэдийн хамтын оролцоонд тулгуурлан урьдчилан сэргийлэх зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой ажээ. Цаашид төслийн үр дүн, хэрэгцээнд үндэслэн хүүхдийн хөдөлгөөн ихтэй бусад сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагуудад үе шаттайгаар өргөжүүлэхээр төлөвлөж байна.