Оюуны өмчийн газрын дэргэдэх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа Зохиогчийн эрхийн тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хөгжмийн бүтээл, дуу бичлэг ашиглуулах тарифыг хянан баталгаажуулжээ.
Хуралдаанаар Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP)-ийн хөгжмийн бүтээлийг концерт, наадам, хүлээн авалт, караоке бааранд тоглуулах болон онлайн үйлчилгээнд ашиглах зохиогчийн эрхийн төлбөрийн тарифыг баталсан байна. Мөн Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв (MCPP)-ийн дуу бичлэг, фонограммыг караоке бааранд тоглуулах болон бэлдэц хуулбарлах хамаарах эрхийн төлбөрийн тарифыг хянан шийдвэрлэв.
Түүнчлэн тус зөвлөлийн даргаар Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ц.Оюунааг гишүүдийн олонхын саналаар сонгон баталжээ.