Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдааныг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газар, нэгжүүдийн ажлын гүйцэтгэл, цаг үеийн асуудлуудтай танилцлаа.
Хуралдаанаар Ашигт малтмал, газрын тосны газар болон Үндэсний геологийн албанд сонгон шалгаруулалтаар талбай олгох ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөв. Мөн намрын чуулганаар өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслүүдийн бэлтгэлийг хангах, зам, гүүр барихад шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг шуурхай олгох, холбогдох хуульд өөрчлөлт оруулах төслийг бэлтгэхийг даалгасан байна.
Түүнчлэн “Бадрах Энержи” ХХК-тай холбоотой тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх, “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээний бэлтгэлийг хангах үүрэг өглөө. Үүнээс гадна харьяа байгууллагуудад өр, авлага үүсгэхгүй байх, шилэн данс хөтлөлт болон Засгийн газрын хуралдаанд оруулах асуудлын баримт бичгийг чанартай боловсруулахыг үүрэг болгосон байна.