“Шуранхай.МН” фэйсбүүк хуудсаар “Алтанбулаг чөлөөт бүсээр хуурамч архи оруулж ирдэг” гэх агуулгатай мэдээ, дүрс бичлэг цацагдсантай холбогдуулан Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас албан ёсны мэдэгдэл гаргалаа. Тус байгууллагаас уг мэдээллийг бодит байдлыг гуйвуулсан, үндэслэлгүй бөгөөд илт худал мэдээлэл болохыг мэдэгдсэн юм.
Алтанбулаг чөлөөт бүсэд худалдаалж буй согтууруулах ундааг чөлөөт бүсэд нэвтрүүлэхэд Монгол Улсын Гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьдаг аж. Ингэхдээ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гарал үүсэл, чанарын баталгаанд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд дээж авч баталгаат лабораторид шинжилгээ хийсний үндсэн дээр зөвшөөрөл олгодог байна.
Түүнчлэн Татварын ерөнхий газар архи, согтууруулах ундаанд татварын тэмдэг наан хяналт тавьж ажилладаг тул худал мэдээлэлд итгэхгүй, цааш түгээхгүй байхыг иргэд, олон нийтэд уриаллаа.