“Налайхын үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн харьяа аж ахуйн нэгжүүдийн уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд нийт 23 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, паркийн үйл ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны талаар мэдээлэл авчээ. Уулзалтад тус паркийн Гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар, Налайх хотын хөгжлийн корпорацийн дарга Н.Цэнд, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Н.Өнөржаргал нар оролцсон байна.
Зөвлөгөөний үеэр аж ахуйн нэгжүүдийн зүгээс Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан татварын хөнгөлөлт, дэмжлэгийг бодитоор эдлэхэд хүндрэл тулгарч буйг онцоллоо. Тухайлбал, зөвшөөрөл шийдвэр гаргах үйл явц удаашрах, техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ) зэрэг баримт бичгийг боловсруулах, батлуулахад хугацаа их шаардагдаж байгаа нь үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт төлөвлөхөд саад учруулж буйг төлөөллүүд илэрхийлэв.
Цаашид НҮТП ХК нь бизнес эрхлэгчдийн санал хүсэлтэд тулгуурлан тулгамдсан асуудлыг холбогдох дээд шатны байгууллагуудад уламжлах, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллахаар болов. Мөн паркийн ерөнхий төлөвлөлт, авто зам, орц гарц, гадна орчны тохижилтыг нэгдсэн байдлаар шийдвэрлэхэд аж ахуйн нэгж бүрийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхээр тогтжээ.