БНХАУ-ын нарны цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадал 2026 оны наймдугаар сарын эхээр 1,286 ГВт-д хүрч, нүүрсний цахилгаан станцуудын хүчин чадлыг анх удаа давжээ. Ингэснээр нарны эрчим хүч тус улсын нийт суурилагдсан цахилгаан үйлдвэрлэлийн хүчин чадлын 31.5 хувийг бүрдүүлж байна. Оны эхний долоон сард нарны эрчим хүчээр 802.4 тэрбум кВт.цаг цахилгаан үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 15.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
БНХАУ дэлхийн нарны эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээнд тэргүүлэх байр сууриа хадгалж байгаа ба ирэх таван жилд тус салбарт оруулах хөрөнгө оруулалт 2 их наяд юань буюу 298 тэрбум ам.доллароос давах төлөв гарчээ. Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэлийн хэлбэлзлийг тэнцвэржүүлэх эрчим хүч хуримтлуулах систем, дамжуулах сүлжээг сайжруулах хэрэгцээ улам өсөж байна.
Сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуурын системтэй цогцоор шийдэх хүрээнд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд 800 өрхийг хамруулах мини-грид төсөл болон Баянчандманийн нарны цахилгаан станц, эрчим хүч хуримтлуулах системийн төслүүдийг хэрэгжүүлж байна.