Эрчим хүчний яам, Монгол Улсын Хөгжлийн банк болон Монголын банкны холбоо эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах, тэргүүлэх чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг хангах, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг шинэчлэх, үр ашигтай санхүүжилтийн схем боловсруулахаар тусгасан байна.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарын хэмжээнд шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж буйг онцлоод, төсөл хөтөлбөрүүдийг бага хүүтэй, таатай нөхцөлтэй санхүүжилтээр хангах, дотоод болон гадаадын зах зээлд бонд гаргах чиглэлд хамтран ажиллахаа мэдэгдэв. Мөн таван аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын систем бүхий төслүүдийн сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд эдгээр болон бусад томоохон төслийг хэрэгжүүлэхэд энэхүү санамж бичиг чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд зориулж олон улсын зах зээлээс хямд эх үүсвэр татахад анхаарна гэдгээ илэрхийлэв. Мөн Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Хүрэлбаатар банкууд нэгдэн бодит салбарт оролцоогоо нэмэгдүүлэхээр шуурхай ажлын хэсэг байгуулж ажиллахаа мэдэгдлээ. Талууд цаашид ногоон санхүүжилт, урт хугацаат ногоон бонд болон эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт шийдлүүдийг дэмжихэд хамтран ажиллана.