Хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчин дахь үе тэнгийн дарамт, дээрэлхэл, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах зорилготой “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ. Тус аяныг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсвөрийн “ХУРДАН” клубийн 3000 гаруй гишүүний оролцоо, манлайлал дээр тулгуурлан өрнүүлж байна.
Энэхүү ажлыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв, “Yes Mongolia” төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлж байна. Албаныхан 21 аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс болон хүүхэд, гэр бүлийн 748 нийгмийн ажилтнаар дамжуулан 330 сум, алслагдсан бүс нутаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдүүдэд хүрч ажиллахаар зорьжээ.
Судалгаанаас үзэхэд цахим дарамтад өртсөн хүүхдүүдийн 59 хувь нь энэ талаар эцэг, эхдээ хэлдэггүй бол эцэг эхчүүдийн 91 хувь нь хүүхдээ ийм эрсдэлд өртөөгүй гэж үздэг зөрүүтэй дүр зураг гарсан байна. Тиймээс аяны хүрээнд хүүхэд хүүхдэдээ эерэгээр нөлөөлөх зарчмаар зөвлөмж түгээх, сошиал хөдөлгөөн, тэмцээн, сургалт зэрэг олон талт нөлөөллийн ажлуудыг орон даяар зохион байгуулах юм.