Нийслэлийн хүүхдийн 132 дугаар цэцэрлэгийн хамран сургах тойрогт Жаргалант, Рашаант, Байдлаг, Хэрлэн, Тогос уул болон Хөдөө хэсгийн 2-5 насны хүүхдүүд хамрагддаг байна. Тус цэцэрлэг нь хичээлийн 1, 2 дугаар байртай бөгөөд нийт 175 хүүхдийн хүчин чадалтай ч 2026-2027 оны хичээлийн жилийн цахим бүртгэлээр 229 хүүхэд бүртгүүлжээ.
Одоогийн байдлаар 100 хүүхдийн багтаамжтай 1 дүгээр байранд 113, 75 хүүхдийн хүчин чадалтай 2 дугаар байранд 95 хүүхэд хүмүүжиж байгаа нь хүчин чадлаас давсан үзүүлэлт юм. Иймд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд тус цэцэрлэгт өргөтгөлийн байр барих хэрэгцээ үүсээд байна.
Мөн хичээлийн 2 дугаар байрны дээвэрт засвар хийх шаардлагатай байгаа аж. Түүнчлэн энэ хичээлийн жилээс эхлэн улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэлд нэгдсэн цэс мөрдөж эхэлснийг мэдээллээ.