Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва COP17 бага хурлын үеэр байгуулсан санамж бичгийг эрчимжүүлэх зорилгоор “BYD” группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар төслийн ТЭЗҮ-ийг арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар санал нэгдсэн байна. Нийслэлийн зүгээс уг ажлыг 2027 онд тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх зорилт тавьж, захирамжийн дагуу гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Талуудын байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд нийслэлд гурван төрлийн технологи нэвтрүүлэхээр тусгажээ. Үүнд цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх “Ногоон өртөө” олноор байгуулах, цахилгаан эрчим хүч нөөцлөх батарей хураагуур /BESS/ оруулж ирэх болон батарейд суурилсан “Sky Shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажил багтаж байна.
Тус шинэ шийдэл бүхий “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих бөгөөд авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдүүлнэ гэж албаныхан онцоллоо.