Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас эхлэн нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл заахаар боллоо. Энэхүү хичээл нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилтэй зэрэгцэн нийгэмшил, сэтгэл хөдлөлийн төлөвшлийг дэмжих, өөрийгөө ойлгох, бусдыг хүндэтгэх, сэтгэл хөдлөлөө удирдах болон зөрчлийг зөв шийдвэрлэх суурь чадваруудыг олгох зорилготой юм.
Хөтөлбөр нь “Би”, “Бид”, “Бусад” гэсэн үндсэн агуулгын хүрээнд хэрэгжих бөгөөд сурагчид зургаан хүрээний 24 чадамжийг эзэмшинэ. Мөн сурагчдыг зөвхөн мэдлэгээр нь бус хувь хүний хөгжлийн ахиц, эзэмшсэн чадварын түвшнээр нь үнэлэх тогтолцоог хэрэгжүүлж, багш нар хэрэгцээнд нь тулгуурлан шаардлагатай дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.
Сургалтыг чанартай зохион байгуулах зорилгоор багш нарыг тусгай арга зүйгээр бэлтгэсэн ба сурагч бүрд “Миний сайхан сэтгэлийн дэвтэр” хэрэглэгдэхүүнийг олгохоор төлөвлөсөн байна. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага, зөвлөмж түгээж, хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн хөгжлийг гэр бүл, сургуулийн хамтын оролцоотой дэмжих нөхцөлийг бүрдүүлэх аж.