Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид хоёрдугаар улирлаас эхлэн нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээл судалж эхлэхээр боллоо. Тус хичээл нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилтэй зэрэгцэн нийгэмшил, сэтгэл хөдлөлийн төлөвшлийг системтэй дэмжих бөгөөд өөрийгөө ойлгох, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах суурь чадварыг олгоход чиглэж байна.
Хөтөлбөрийг “Би”, “Бид”, “Бусад” гэсэн гурван агуулгын хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд сурагчид зургаан хүрээний 24 чадамжийг шат дараатай эзэмшинэ. Сургалтын явцад хүүхдүүд өөрийн мэдрэмжийг зөв илэрхийлэх, өөртөө болон бусдад энэрэнгүй хандах, сэтгэл хөдлөлөө удирдах, асуудлыг зөв зохицуулах арга барилд суралцах юм.
Сургалтыг чанартай хэрэгжүүлэх зорилгоор багш нарыг тусгай арга зүйгээр бэлтгэсэн бөгөөд сурагч бүрд “Миний сайхан сэтгэлийн дэвтэр” олгохоор төлөвлөжээ. Мөн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага гаргаж, сургууль болон гэр бүлийн хамтын оролцоог хангахын зэрэгцээ сурагчдыг зөвхөн мэдлэгээр бус хөгжлийн ахиц, түвшнээр нь үнэлэх тогтолцоог нэвтрүүлнэ.