Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Нийслэлийн ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьсан бөгөөд үүнд Нийтийн тээврийн бодлогын газрын албан хаагчид нэгдэж 75 ширхэг жимсний мод суулгажээ.
Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд тус дүүргийн 14 дүгээр хороо, Айцын амны ойжуулалтын талбайд дүүргийн удирдлагууд болон байгууллагууд 1.50–1.70 метрийн өндөртэй 400 ширхэг гацуур мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд хувь нэмрээ оруулсан байна.
Энэ намар нийслэлийн хэмжээнд 13 байршилд 1.3 сая мод тарьж ургуулахаар төлөвлөжээ. “Тэрбум мод” хөдөлгөөн 2021 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатар хотын хэмжээнд нийт 4.8 сая мод тариад байна.