Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Тяньжин хотноо үйл ажиллагаа явуулж буй Хятад-Монголын эдийн засаг, худалдааг дэмжих төвтэй танилцлаа. Тус төв нь хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх болон Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нийлүүлэх, худалдан авагчтай шууд холбоход чиглэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 50 гаруй аж ахуйн нэгж тус төвд бүртгэгдсэн бөгөөд 2026 онд 200 сая юанийн худалдаа, бизнесийн хэлцэл хийгджээ.
Монголын уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд төлбөр тооцоо, тээвэр ложистик, зах зээлийн мэдээлэл дутмаг байх зэрэг асуудлууд гардаг бөгөөд уг төв эдгээрийг шийдвэрлэх чухал гарц болж байна. Сайд Г.Дамдинням тус төвийн хамт олныг Улаанбаатар хотноо есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд оролцохыг урив.
Мөн Уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран хоёр талын компаниудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтойг онцоллоо. Монголын экспорт, импортын гол гарцын нэг болох Тяньжин хотод бизнесийн тогтмол платформ бүрдүүлэх нь уул уурхайн бүтээгдэхүүний экспорт болон хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гаргах ач холбогдолтой юм.