Дотоод хэргийн их сургуулийн Жендэрийн дэд зөвлөлийн дэргэдэх “Манлайлагч эмэгтэйчүүд клуб”-ийн танилцуулга уулзалт зохион байгуулагдлаа. Энэхүү клуб нь тус сургуульд ажиллаж буй эмэгтэй алба хаагчдын манлайлал, хувь хүний болон мэргэжлийн өсөлтийг дэмжих, сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр менторшип хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой байна. Клубийн үйл ажиллагааг эмэгтэй хурандаа нар тэргүүлж, эмэгтэй алба хаагчдын төлөөлөл гишүүнээр нь ажиллахаар зохион байгуулжээ.
Хууль сахиулах салбарт эмэгтэй алба хаагчид мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагаас гадна хүн төвтэй хандлага, ёс зүй, манлайллын үлгэр дуурайллаараа үнэтэй хувь нэмэр оруулж буйг уулзалтын үеэр онцоллоо. Их сургуулийн зүгээс алба хаагчид бие биенээ дэмждэг, туршлагаа хуваалцдаг, дараагийн үеийн эмэгтэй манлайлагчдыг бэлтгэх хөгжлийн орчныг бүрдүүлэхийг зорьж байна.
Уулзалтын төгсгөлд Хууль зүйн сургуулийн эмэгтэй багш нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын хамтын ажиллагаа болон тулгамдаж буй асуудлын талаар санал хүсэлтээ солилцлоо.