Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлснээр сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 137 шатахуун түгээх станцад нийт 1,691 тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлжээ. Үүнээс Улаанбаатар хотын 95 ШТС-д 1,135 тонн, орон нутгийн 42 ШТС-д 556 тонн шатахуун хүргэсэн байна.
Импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх хүрээнд БНСУ-аас 2,000 тонн, БНХАУ-аас 8,000 тонн дизель түлш татан аваад байна. Харин гол хэрэглээ болох АИ-92 болон Евро АИ-92 автобензиний нийлүүлэлтийг ОХУ-аас тогтвортой үргэлжлүүлж байгаагийн зэрэгцээ 16 мянган шоо метр багтаамжтай нөөцийн савыг ашиглалтад оруулжээ.
Түүнчлэн шатахуун түгээх станцуудад иргэдэд үйлчлэхдээ зохиомол хязгаарлалт үүсгэхгүй байх чиглэл өгч, хяналт тавьж байгааг мэдэгдлээ. Шатахууны хараат байдлыг урт хугацаанд бууруулах Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд 2028 онд ашиглалтад орох төлөвтэй байна.