Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаанаар нийслэлийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих, гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх болон нийслэлийн өмчтэй холбоотой нийт дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Үнэт цааснаас бүрдэх эх үүсвэрээр Дулааны V цахилгаан станцын төсөл болон нийслэлийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн эрчим хүчний оргил ачааллыг зохицуулах, цахилгаан тасалдах эрсдэлийг бууруулах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн суманд 100 МВт/400 МВт.ц хүчин чадалтай батарей хуримтлуурын систем байгуулахаар танилцууллаа.
Хорооны гишүүд төслүүдийн үр ашиг, санхүүжилтийн нөхцөл, үнэт цаасны эргэн төлөлт, хүүгийн зардлын тооцооллыг нарийвчлах шаардлагатайг онцолж, уг асуудлыг НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн байна.