Улсын бүртгэлийн байгууллага иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, гар ажиллагааг халж автоматжуулах зорилгоор e-burtgel.gov.mn нэгдсэн системийг хөгжүүлэн ашиглалтад орууллаа. Иргэд харьяалах газар, хэлтсээ сонгон өргөдөл, гомдол, санал, хүсэлтээ хаанаас ч цахимаар илгээх боломжтой болсон бөгөөд шийдвэрлэлтийн явцыг бодит цаг хугацаанд хянах нөхцөл бүрдсэн байна.
Энэхүү систем нь хиймэл оюуны технологид суурилж, иргэдийн ирүүлсэн нотлох баримтыг автоматаар шалгаж, харьяа нэгжид хуваарилах функцтэй. Түүнчлэн төрийн танилт, нэвтрэлтийн ДАН систем, Засгийн газрын 11-11 төв, ХУР систем, тоон гарын үсэг болон улсын бүртгэлийн нэгдсэн сантай шууд холбогдон 24 цагийн турш тасралтгүй ажиллахаар зохицуулагджээ.
Түүнчлэн тус системийг харааны бэрхшээлтэй болон хараа султай иргэд бие даан ашиглахад зориулж NVDA, VoiceOver дэлгэц уншигч программ дэмжихээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр хэрэглэгч үсгийн хэмжээг томруулах, өнгөний ялгарал тохируулах боломжтой бөгөөд монгол хэлний кирилл, латин болон англи хэлийг дэмжин ажиллах юм.