Улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан “Ухаалаг чатбот” программ хангамжийг хэрэглээнд нэвтрүүллээ.
Энэхүү цахим туслах нь байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хуулиар нээлттэй мэдээлэл, үйлчилгээний нэр төрөл, хураамж, дансны мэдээлэл болон өөрт ойр байрлах салбарын ачаалал зэрэг мэдээллийг нэг дороос авах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Мөн иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой нээлттэй мэдээллийг авах боломжтой.
Иргэд тус чатботод өдөр тутмын энгийн хэлээр асуултаа тавьж болох бөгөөд систем нь баталгаатай эх сурвалжид үндэслэн хариулт өгнө. Түүнчлэн уг систем нь НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр мэдээлэл, хариулт өгөх боломжтойгоор ажиллаж байна.