Фэйсбүүк сүлжээнд үүссэн "Дотоод хэргийн их сургуулийн албан ёсны фэйсбүүк хуудас" нэртэй групп нь тус сургуультай ямар ч хамааралгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү хуурамч групп нь сургуулийн нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, худал ташаа мэдээллийг удаа дараа нийтэлж байгаа аж.
Дотоод хэргийн их сургууль уг хуурамч группийн үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор Мета компанид гомдол гаргаж, Цагдаагийн байгууллагад хандан хуулийн дагуу шалгуулж буйгаа дурджээ. Гэвч ташаа мэдээлэл нийтлэгдсээр байгаа тул иргэдийг тус группэд гомдол буюу "Report" гаргаж, хууль бус үйлдлийг зогсооход хамтрахыг уриалсан байна.
Түүнчлэн сургуулийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны цахим хуудас болон баталгаажсан сувгаас авч, эх сурвалж тодорхойгүй мэдээллийг түгээхгүй байхыг анхааруулав.