Сүүлийн өдрүүдэд цахим орчинд төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал (E-MONGOLIA) системийн нэр, дүр төрхийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх зорилготой хуурамч зар, холбоосууд түгээгдэж байна. Тухайлбал, богино хугацаанд санхүүгийн дэмжлэг авах боломжтой гэх мэт худал амлалт бүхий зар нийтэлж, иргэдийн хувийн болон банкны мэдээллийг зөвшөөрөлгүй авах эрсдэл үүсгэж байгаа тул үл таних холбоос дээр дарахгүй байх, регистрийн дугаар, банкны карт, нэг удаагийн нууц код (OTP)-оо бусдад өгөхгүй байхыг санууллаа.
Үүний зэрэгцээ Дотоод хэргийн их сургуулийн нэрийг ашигласан хуурамч фэйсбүүк групп үүсгэн, олон нийтийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл түгээж байгаа тохиолдол гарчээ. Тус их сургуулиас уг хууль бус үйлдлийг таслан зогсоохоор Цагдаагийн байгууллага болон холбогдох компанид хандан шалгуулж байгаа бөгөөд иргэдийг мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авч, сэжигтэй хуудсуудад тайлан (report) илгээхийг уриалсан байна.