Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн хөгжлийн санхүүжилтийн гэрээнд Сангийн сайд З.Мэндсайхан, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Ерөнхийлөгч Танака Акихико нар 2026 оны есдүгээр сарын 29-нд гарын үсэг зурав. Санхүүжилтийг ЖАЙКА-ын “Эдийн засгийн түншлэлийн тусгай нөхцөл” (STEP)-ээр 158.3 тэрбум иенээр олгох бөгөөд 40 жилийн хугацаатай, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, жилийн 1.1 хувийн тогтмол хүүтэй байна.
Төслийн хүрээнд зорчигч болон ачаа терминалын барилга, холбогдох дэд бүтэц, дулааны станц, авто зогсоол, инженерийн байгууламжийг өргөтгөн шинэчилнэ. Ингэснээр тус нисэх буудлын жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал одоогийн 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин өсөх тооцоо гарчээ.
Энэхүү өргөтгөл нь зорчигч, ачаа тээврийн өсөн нэмэгдэж буй урсгалыг хангахын зэрэгцээ олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжих өндөр ач холбогдолтой юм.