Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдсан “Хаягжуулалт, орон зайн мэдээллийн талаарх мэдлэг, туршлага солилцох” уулзалтын хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны Дэд сайд Ким Мин Жэ Монгол Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга С.Тэнгис, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Давааням тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Талууд “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төслийн зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээ болон байгууллага хоорондын уялдаа холбоог хангах талаар санал солилцлоо. Дэд сайд Ким Мин Жэ хоёр улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2026-2029 онд хэрэгжих уг төсөл нь хаягийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлтэй юм. Төсөл хэрэгжсэнээр төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо сайжирч, хаягт суурилсан цахим үйлчилгээний хүртээмж болон мэдээллийн үнэн зөв байдал дээшилнэ.