Боловсролын сайдын 2026 оны А/37 дугаар тушаалаар дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбэ, чансаа, хөтөлбөрийн чанарыг тогтоох ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах чиглэл өгсөн юм. Үүний дагуу Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар 2021–2025 оны хичээлийн жилүүдэд хамаарах цахим өгөгдлийг нөхөн бүрдүүлэх, баталгаажуулах, мэдээллийн санг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Тус ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу 2026 оны зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд холбогдох өгөгдлийг нөхөн бүрдүүлж, баталгаажуулалт хийлгэх хүсэлтээ хүргүүлсэн юм. Мөн суралцагч, эцэг эх, төгсөгч, багш болон ажил олгогчдын дунд түүвэр санал асуулга явуулжээ.
Улмаар хянан баталгаажуулалт хийх ажлын хэсэг 2026 оны аравдугаар сарын 28-ны өдөр тус их сургуульд ажиллаж, бүрдүүлсэн мэдээлэл болон нотлох баримттай танилцлаа. Энэхүү ажил нь их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн чанарыг үнэлэх суурь мэдээллийн бодит байдлыг хангахад чиглэж байна.