Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ерөнхий боловсролын сургуулиас сурагчдын өөрөө удирдах байгууллагын үндсэн зарчим, зорилтыг тодорхойлжээ. Тус байгууллага нь суралцагчдын санал, хүсэлтийг сонсох, тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалахын зэрэгцээ сурагч, багш, эцэг эхийн хамтын ажиллагааг дэмжиж, үе тэнгийн эерэг харилцааг төлөвшүүлэхийг зорьж байна.
Мөн сургуулийн орчинд дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлж, хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхийг чухалчилж байна. Үүний сацуу сурагчдын бүтээлч санааг дэмжин сургууль болон нийгэмд чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагаанд татан оролцуулах чиглэл баримталж байна.
Түүнчлэн хүүхдүүдийн манлайлал, хариуцлага, багаар ажиллах чадварыг хөгжүүлж, авьяас сонирхлыг нь дэмжихээр тусгажээ. Байгаль орчноо хамгаалах, сайн дурын болон нийгэмд тустай үйл ажиллагаа өрнүүлэх замаар суралцагчдад нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэхээр зорьж байна.