Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор “Хүүхдийн төлөө–ЗА бол ЗААВАЛ хийе” үндэсний хөдөлгөөнийг хоёр үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. Хөдөлгөөний хүрээнд E-Mongolia системийн E-Kids цэсээр эрсдэлийн мэдээлэл хүлээн авч байгаагийн зэрэгцээ орчны аюулгүй байдлыг үнэлэх цахим судалгаанд 11,744 иргэн хамрагджээ.
Мөн төрийн байгууллагууд өөрсдийн чиглэлээр аюулгүй орчин бүрдүүлэх ажлыг өрнүүлж байна. Тухайлбал, Шүүх шинжилгээний байгууллагаас хүүхдэд эрсдэлтэй орчныг баримтжуулан арилгуулах зорилгоор “Баримтаар илрүүлж, хүүхдийг хамгаалъя” аяныг улсын хэмжээнд зохион байгууллаа.
Орон нутгийн түвшинд бодит эрсдэлийг бууруулах дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Увс аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 15.2 сая төгрөг шийдвэрлэж, "Дулааны 2-р станц" ТӨХК нийт 18 дулааны худгийн засварыг гүйцэтгэн болзошгүй аюулыг бүрэн арилгасан бол цэцэрлэг, сургуулиуд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна.