Жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд дэлхийн 180 гаруй улс орон “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилгоор зохион байгуулдаг. НҮБ-аас энэ жилийн аяныг бодит ба цахим орчинд шударга ёсыг хангаж, хохирогчдыг хамгаалан, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэх уриан дор өрнүүлж байгаа бол Монгол Улс “Хаана ч аюулгүй” нэгдсэн уриан дор тэмдэглэж байна.
Аяны хүрээнд төрийн болон орон нутгийн байгууллагууд, түүний дотор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон харьяа салбарууд нэгдэж, цахим болон бодит орчинд хүний эрх, аюулгүй байдлыг хангах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл нөлөөллийн ажлуудыг эхлүүлээд байна.
Мөн аюулгүй орчны талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх зорилготой “Хаана ч аюулгүй” сэдэвт гэрэл зургийн уралдааныг зарлан, бүтээл хүлээн авч байна.