Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан уг үндэсний хөдөлгөөн хоёр үе шаттай зохион байгуулагдаж байна. Эхний үе шат нь 2026 оны зургаадугаар сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 25 хүртэл, хоёр дахь үе шат нь 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Хөдөлгөөний хүрээнд гэр бүл, боловсролын болон олон нийтийн орчинд хүүхдэд ээлтэй, аюулгүй нөхцөл бүрдүүлэхэд голлон анхаарч байна.
Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон “И-Монгол академи” хамтран төрийн үйлчилгээний E-Mongolia системийн E-Kids цэсээр дамжуулан хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлийн мэдээллийг цахимаар хүлээн авч байгаа юм. Мөн орчны үнэлгээний судалгаанд 11,744 иргэн хамрагджээ. Түүнчлэн орон нутагт сургалт, ухуулга зохион байгуулан, эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг уриалж, эрсдэлт нөхцөл байдал үүсвэл 102, 108 дугаарт яаралтай мэдэгдэхийг сануулж байна.