Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолоор "Хүүхдийн төлөө – ЗА бол ЗААВАЛ хийе" үндэсний хөдөлгөөнийг батлан орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Хөдөлгөөний эхний үе шат 2026 оны арванхоёрдугаар сарын 25-ныг хүртэл, хоёр дахь үе шат 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 30-ны хооронд үргэлжлэх юм.
Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон "И-Монгол академи" хамтран E-Mongolia системийн E-Kids цэсээр хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлийн талаарх мэдээллийг цахимаар хүлээн авч байна. Мөн тус системээр дамжуулан зохион байгуулсан гэр бүл болон боловсролын орчны үнэлгээний судалгаанд 11,744 иргэн хамрагджээ.
Түүнчлэн "Үндэсний дата төв" тус хөдөлгөөнийг дэмжиж, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ цахим залилан, хувийн мэдээллийн хамгаалалт зэрэг цахим орчны эрсдэлээс сэрэмжлүүлэх зөвлөмж, мэдээллийг хүргэхээр ажиллаж байна.