Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр болон Баян сумын Засаг дарга Ц.Гантөмөр, Баянжаргалан сумын Засаг дарга Г.Бямбадорж нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Гэрээний дагуу “Цэцэнс майнинг энд энержи” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Зуунмод сумын 5 дугаар зуухыг шинэчлэх, “Төв Чандмань” ДЭХГазарт 5000 тонн нүүрс хандивлах юм. Түүнчлэн Баян сумын хуучин хогийн цэгийг шинэчлэх, Баянжаргалан суманд үерийн далан байгуулах ажлыг 2026-2028 онд хэрэгжүүлэхээр тусгажээ.
“Цэцэнс майнинг энд энержи” ХХК нь Баян болон Баянжаргалан сумын нутагт 600 МВт-ын хүчин чадалтай “Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын цогц төсөл”-ийг хэрэгжүүлж буй бөгөөд эхний блокууд нь ашиглалтад орж эрчим хүчээ нийлүүлж эхэлсэн байна. Тус станцын 3, 4 дүгээр блокийг 2027-2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.